УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталж, энэхүү хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засгийг ил болгон, татварын суурийг өргөтгөнө гэж үзэж байгаа. Энэ хуулийг салбарын мэргэжилтн үүд хэрхэн хүлээн авч байгаа талаар нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний “Пи Эй Ти Си” компанийн захирал, мэргэшсэн нягтлан бодогч Н.Нямдуламтай уулзаж ярилцлаа.

-Аж ахуйн нэгжүүд санхүүгийн бодит мэдээллээ татвараас нуух нь бий. Үүнээс гарах арга нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Энэ хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засаг, орлогыг ил болгоно гэж үзэх хүмүүс байна. Санхүүгийн салбарт ажилладаг мэргэжилтний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-УИХ 2008 онд Татварын өршөөлийн хууль баталж хэрэгжүүлсэн. Зах зээлийн эдийн засагт шилжиж, хүн бүр өөрийн чадлаар бизнесээ босгож, татвар, санхүү бүртгэлийн талаар нарийн ойлголтгүй явсан энэ үед уг хуулийг цагаа олж гаргасан. “Үүнээс хойш бизнесээ зөв эрхэл” гэсэн төрийн өршөөл бизнес эрхлэгчдийн сэтгэлийг амрааж, хууль хэрэгжих хугацаанд нууж хаасан хөрөнгө, орлого, ашгаа ил болгож, санхүүгийн тайлан, бүртгэлээ цэгцлээд авсан. Өнөөдөр ахиад өршөөлийн тухай ярьж байна. Энэ хуулийг дахин батлахгүй бол олон арван компанийн эзэн шоронд орж, компаниуд татан буугдана. Олон мянган хүн ажилгүй болно гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа. Би нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. Өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүд төрийн өршөөлийг үл тоож, өнөөг хүртэл бодит эдийн засгаа нуугаад, дахин Өршөөлийн хууль гарахыг хүлээж байсан гэсэн үг үү. Хэрэв ийм төрлийн хууль дахин дахин батлагдаж, хэрэгжээд байвал нягтлан бодох бүртгэл үнэн зөв хөтлөгдөх үү. Нөгөө талд нь татвараа үнэнчээр төлөөд, хохироод үлдэж байгаа компаниуд яах вэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бүгд дараагийн Өршөөлийн хууль батлагдахыг хүлээж татвараас бултдаг жишиг тогтвол яах вэ. Энэ бол 1990-ээд оноос санхүү, бүртгэлийн салбарт хийсэн шинэчлэлийг талаар болгож, энэ салбарт гаргасан амжилтаа хэдэн алхамаар ухрааж байгаатай ижил хэрэг.

 

-Компаниудын санхүүгийн мэдээлэл бодит байдлаас зөрүүтэй байдаг нь тайлан гаргах арга, аргачлалаа мэддэггүйд байдаг уу, эсвэл хувь хүний шунал, төрийн бодлого, хяналт сул байгаагаас болоод байна уу?

-Санамсаргүй болон санаатай олон шалтгаан байдаг болов уу. Нягтлан бодогчийн мэдлэг, ур чадвар, ажлын хариуцлагаас болж санамсаргүй алдаа гарна л даа. Уг нь аж ахуйн нэгж алдагдалтай ажилласан бол тухайн алдагдлыг дараа жилд шилжүүлэн тооцох, 50-аас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх гэх мэт эерэг заалт Татварын хуульд байдаг ч үүнийг нягтлан бодогчид тэр бүр ашиглаж чаддаггүй. Үүнээс гадна Татварын хууль эрх зүйн орчин тодорхой бус, хуулийн үг хэллэг, заалтыг тайлбарласан нэгдсэн ойлголт байдаггүй нь хуулийг хүн бүр үзэмжээрээ тайлбарлахад хүргэдэг. Үүнээс болж алдаа гарах тохиолдол бий. Тэр ч байтугай Татварын байцаагчид нэг асуудалд өөр өөр ойлголттой байх тохиолдол байж л байдаг. Нэмж хэлэхэд Өршөөлийн хууль ч юм уу, үүнтэй дүйх хэмжээний эрх зүйн хамгаалалт хүлээж татвараас зайлсхийхийг боддог хэсэг бүлэг хүн байхыг ч үгүйсгэхгүй.

-Ингэхэд таны ажиллаж байсан компаниудын удирдлагын зүгээс татвараас зайлсхийх санал тавьж байсан тохиолдол бий юу?

-Ямар ч компанийн санхүүг мэргэжлийн сайн нягтлан бодогч авч явдаг. Харин манай зарим бизнес эрхлэгч зөвхөн тайлант хугацааны эцэст санхүүгийн болон татварын тайлан гаргахад л нягтлан бодогч хэрэгтэй гэсэн өрөөсг өл ойлголттой байдаг нь харамсалтай. Уг нь бидний мэргэжил бол компанийг амжилттай удирдаж хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Би 1997 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөнөөс хойш 17 жил тасралтгүй нягтлан бодогч мэргэжлээрээ ажилласан. Ажлынхаа гарааг анх “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-аас эхэлж, өнөөг хүртэл Америк, Канадын хөрөнгө оруулагчидтай ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ОХУ дахь “Вагнер Сибирь тоног төхөөрөмж” компанид урилгаар очиж, санхүүгийн шинэ программ нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан. Индонези дахь “Азиагоулд корп”-ийн шинэ салбарыг нээхтэй холбогдуулан тэндэхийн нягтлан бодогчдыг мэргэшүүлэн, бүртгэлийн шинэ программ нэвтрүүллээ. Ажлын шаардлагаар мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, суралцсаар байна. Эзэмшсэн мэргэжил, туршлага, мэдлэг, чадварыг минь хамтран ажиллагсад, нөхдүүд маань үнэлж зөвлөгөө авдаг байснаас үүдэн Монголын зах зээлд ийм төрлийн зөвлөх үйлчилгээний эрэлт байгааг олж харсан. Ингээд энэ онд нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний “Пи Эй Ти Си” компаниа байгуулсан.

Бид Монголын зах зээлд хариуцлагатай, ёс зүйтэй, үйлчлүүлэгчээ эрхэмлэсэн, нягтлан бодох бүртгэлийн орчин үеийн чанартай аутсорсинг үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байгаа. Гаднын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллаж байсны хувьд хууль дүрмийг маш сайн баримтлах ёстой, тайлангаа үнэн зөв гаргаж, авах ёстойгоо авч, өгөх ёстойгоо өгч, хэн нэгнийг хуурах ёсгүй гэсэн зарчимд сурсан. Манай дотоодын аж ахуйн нэгжүүд санхүү, бүртгэлдээ төдийлэн ач холбогдол өгдөггүй, ирээдүйд гарах хор холбогдлыг ойлгож хүлээж авахдаа тааруухан байна уу гэж бодогддог. Мэргэжлийн бус хүнээр, эсвэл компанийг төлөөлж хариуцлага хүлээхгүй хэн нэгнээр санхүүгийн алдаатай тайлан гаргуулж, татвараас зайлсхийх нь өнөөдөр гарах цалин, татварын зардлыг хэмнэж байгаа юм шиг харагдуулж болно. Гэхдээ энэ нь хэсэг хугацааны дараа татварын шалгалтаар нөхөн татвар, алданги, торгууль тавиулж, улмаар авлига өгөх зэргээр санхүүгийн болоод бусад алдагдал хүлээх муу үр дагавартай. Ийм учраас бид үйлчлүүлэгчиддээ үйл ажиллагааны баримтаа зөв бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлээ зөв хөтөлснөөр татварын хуулийн дагуу хамгийн бага татвар төлөх боломжийн талаар бодитой ашигтай зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Түүнээс биш татвараас зайлсхийхэд туслалцаа үзүүлэхгүй. Хэдийгээр орлого ашиг олох нь компанид чухал боловч мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл хийж орлого олохоос бид татгалздаг.

-Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн зөвлөгөө авах хүсэлтэй компаниуд хэр олон байна. Та компанийнхаа үйлчилгээний талаар нэмж тодруулахгүй юу?

-Компаниуд сүүлийн үед бизнесийн чиг хандлага, цаг үеэ дагаад нягтлан бодох бүртгэл, санхүү, татварын үйлчилгээг мэргэжлийн компаниас цогцоор авдаг болсон. Үүнийг нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг гэж нэрлэж байгаа юм. Энэ үйлчилгээний давуу тал нь компанийн удирдлага үндсэн бизнестээ илүү анхаарлаа хандуулах, татварын буруу тооцоолол, торгууль, алданги хүлээх эрсдлээс ангижрах, санхүүгийн ажилтны орон тоо, цалин, НДШ, бичиг хэргийн зардал гэх мэт зардал хэмнэх, компанийн санхүүгийн менежментийн талаар мэргэжлийн зөвлөгөө авах зэрэг олон талын ач холбогдолтой. Компанийн нягтлан бодогч алдаа гаргаж, алданги торгууль хүлээхэд тэр эрсдлийг компани үүрдэг бол мэргэжлийн компаниас үйлчилгээ аваад татвар торгууль тавиулбал үйлчилсэн компани хариуцлага хүлээдэг. Үүнийг би компанийн сайн засаглалын нэг үзүүлэлт гэж хардаг. Энэ үйлчилгээ манайд өргөн нэвтэрвэл санхүүгийн орчин цэвэр тунгалаг болоход нэлээд дэмжлэг болно. Эцэст нь хэлэхэд, манайхтай харилцахыг хүсэж буй үйлчлүүлэгчдэд манай үүд хаалга үргэлж нээлттэй байна.


 Д.ЦАХИМ