УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталж, энэхүү хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засгийг ил болгон, татварын суурийг өргөтгөнө гэж үзэж байгаа. Энэ хуулийг салбарын мэргэжилтн үүд хэрхэн хүлээн авч байгаа талаар нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний “Пи Эй Ти Си” компанийн захирал, мэргэшсэн нягтлан бодогч Н.Нямдуламтай уулзаж ярилцлаа.

-Аж ахуйн нэгжүүд санхүүгийн бодит мэдээллээ татвараас нуух нь бий. Үүнээс гарах арга нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль. Энэ хуулийг хэрэгжүүлснээр далд эдийн засаг, орлогыг ил болгоно гэж үзэх хүмүүс байна. Санхүүгийн салбарт ажилладаг мэргэжилтний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-УИХ 2008 онд Татварын өршөөлийн хууль баталж хэрэгжүүлсэн. Зах зээлийн эдийн засагт шилжиж, хүн бүр өөрийн чадлаар бизнесээ босгож, татвар, санхүү бүртгэлийн талаар нарийн ойлголтгүй явсан энэ үед уг хуулийг цагаа олж гаргасан. “Үүнээс хойш бизнесээ зөв эрхэл” гэсэн төрийн өршөөл бизнес эрхлэгчдийн сэтгэлийг амрааж, хууль хэрэгжих хугацаанд нууж хаасан хөрөнгө, орлого, ашгаа ил болгож, санхүүгийн тайлан, бүртгэлээ цэгцлээд авсан. Өнөөдөр ахиад өршөөлийн тухай ярьж байна. Энэ хуулийг дахин батлахгүй бол олон арван компанийн эзэн шоронд орж, компаниуд татан буугдана. Олон мянган хүн ажилгүй болно гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа. Би нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. Өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүд төрийн өршөөлийг үл тоож, өнөөг хүртэл бодит эдийн засгаа нуугаад, дахин Өршөөлийн хууль гарахыг хүлээж байсан гэсэн үг үү. Хэрэв ийм төрлийн хууль дахин дахин батлагдаж, хэрэгжээд байвал нягтлан бодох бүртгэл үнэн зөв хөтлөгдөх үү. Нөгөө талд нь татвараа үнэнчээр төлөөд, хохироод үлдэж байгаа компаниуд яах вэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бүгд дараагийн Өршөөлийн хууль батлагдахыг хүлээж татвараас бултдаг жишиг тогтвол яах вэ. Энэ бол 1990-ээд оноос санхүү, бүртгэлийн салбарт хийсэн шинэчлэлийг талаар болгож, энэ салбарт гаргасан амжилтаа хэдэн алхамаар ухрааж байгаатай ижил хэрэг.